МӨНХ ХӨХ ТЭНГЭР
Монголын тал гэж үнэхээр уудам юмаа! Говь нь ч бас уудам аа! Алдар цууг агуулж буй уул, шил, гүвээ, толгод, хушуу, дэнж нь ч тоймгүй олон юм аа! Тэр уудам нутаг эзэнгүй цөл юм уу гэтэл уулын бэлд хот балгас тодрон харагдана. Хараач тэр эсгий гэрүүд, цав цагаан сүм дуган, суварга ч сүндэрлээд ирнэ. Эсвэл энд тэнд нуур цөөрөм цэлийнэ.
Амьдралгүй цөл үү гэтэл хурц тод хүрэмтэй, улаан малгайтай морьтон давхилдах нь жигтэй. Энэ мөнгөн тоногтой эмээл нь бүр Чингисийн үеийнх биш байгаа даа? Харин саадаг, нум сум нь хаана байна?
Өөр амьд юм байгаа юм уу? Байна аа, тэр жингийн урт цуваа нүүгэлтэн гарч ирлээ. Сарлагийн сүрэг бараантан, адуу мал асгасан шагай шиг. Хонин сүрэг нарны туяанд цайран харагдаад, зээр цойлон гүвээ даван одно. Эсвэл тарвага, зурам энд тэндгүй шоволзоно. Хавтгай, чоно, үнэг, туулай гээд ан амьтдыг тоолж баршгүй.
Тэгвэл жигүүртэн шувууд алга юмдаг уу? Үгүй юм аа, тээр тэнгэрт бүргэд элин хальж үзэгдэнэ. Хэрээ, шаазгай ч энд тэндгүй. Жиргэмэл жиргэх нь ч аятай сонсголонтой. Эсвэл өвсөн дундаас сүрэг ятуу дэрхийн ниснэ. Усан дээр гэхэд л ангир, галуу, нугас, цахлай...цөм байна. Дэрсэн дунд тоодог тонголзоод, тал хөндийгөөр тогоруу, дэглий зэллэн ниснэ... Жигүүртэн байна аа...
Өргөн дайд таны анир чимээгүй байдал яагаад үлэмж сайхан санагдана вэ? Тэнгэр тань өндрөөс үү? Хязгааргүй уудмаас тань уу? Чингис хааныг ивээн тэтгэсэн Мөнх тэнгэр тань номин цэнхэр байдгаас уу?
Шөнийн цагт тэнгэрээр дүүрэн од мичид гийнэ. Ямар гайхамшиг? Сүр жавхлангийн судар л гэсэн үг. Уулын цаанаас туяа туслаа! Тэр юү вэ? Морин эрдэнэ залран ирж яваа болов уу?
1935 оны 3 дугаар сарын 31. Пунцагдидэлин.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment