Friday, May 1, 2009

Күнз

Дорнын болон нангиадын их соён гэгээрүүлэгч, гүн ухаанч, суут мэргэн, хүн-нийгмийн харилцаа, хүн, сэтгэлгээний тухай шударга сайн ёс суртахууныг номлон дэлгэрүүлэгч, дэлхийн арван суут сэтгэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Күнз манай тооллын өмнөх 551 онд төржээ.
Тэрээр эртний нангиадын гүн ухааны сонгодог сударт зүй ёсоор ордог “Шүлэглэлт ном”, “Засагт ном”, “Зурхайт ном”, “Хөгжимт ном”, “Хавар намар”, “Шүүмжлэл өгүүлэл”, “Ачлалт ном”, “Шударга ном” зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан бөгөөд өнөөг хүртэл түүний сургаал номлол үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй улам онч мэргэн болох нь батлагдсаар авай.
Монголын эрт цагийн эрдэмтэн гүүш нар эртний Хятадын сонгодог зохиолуудаас сонгон орчуулж, ард олондоо толилуулж байсны нэг нь энэ бүтээл болно.
471-499 онд Кэси-линг “Ачлалт ном”-ыг тоба хэл дээр орчуулжээ.
Манай тооллын 480 онд Монгол Сяньби аймгийн мэргэн гүүш нар “Ачлалт ном”-ыг нангиадаас монгол хэлэнд орчуулан ард олонд түгээн тархааж байжээ.
1307 онд их мэргэн гүүш Болдтөмөр Күнзийн “Ачлалт ном”-ыг “Тахимдуу бичиг” нэртэйгээр монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн байна.
Мөн “Их Суртахуй”, “Бага суртахуй” хэмээх бичгийн дотор “Ачлалт ном” орсон байдаг бөгөөд олон удаа орчуулагдаж байжээ.
Манжийн хаан Түгээмэл Элбэгтийн анх он гурван сард Дин Шиуван Мен Буу хичээнгүйлэн тэмдэглэв хэмээсэн нь даруй 1850 оны гурван сар болно. Энэ орчуулгыг нангиадаас манж хэлнээ орчуулж, манжаас монгол хэлнээ буулган хэвлэжээ.
Миний бие Күнз, Мен Зы-ийн сургаалиас уншигчдадаа толилуулах санааг эртнээс тээж байсан боловч амжил болсонгүй өдий хүрсэн бөгөөд энэ удаад Күнзийн энэхүү бэсрэгхэн номыг Өвөрмонголд хэвлүүлснийг кирилл үсэгт буулган хэвлүүлж, тайлбартайгаар олны хүртээл болгон билээ.

No comments: